Соёл

“Эрдэнэт” хотын хүн амын соёл, урлагийн эрэлт хэрэгцээг хангах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын үнэт өв, уламжлалыг хадгалах, олон нийтэд таниулах зорилгоор 1978 онд үйлдвэрийн дэргэд Дом культуры “Горняк” нэртэй “Соёлын ордон” байгуулагдаж, үйлдвэрийн нэгдүгээр ээлж ашиглалтад ороход томоохон баярын концерт бэлтгэн, тоглуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.

Соёл, урлагийн цогцолборын соёл, чөлөөт цагийн сектор нь уурхайчид, тэдний гэр бүл, хүүхэд багачуудын оюуны алжаалыг тайлах, бүтээмжийг дээшлүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, авьяасыг нь нээн илрүүлэх, хөгжүүлэх зэргээр соёлын эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй зохион байгуулж ирсэн. Соёл, чөлөөт цагийн “Эрдэнэтийн  бал” бүжгийн наадам, “Safety first” тэмцээн, “Соёлын хэрэгцээ” хөтөлбөр, “Тэмүүжин Чингисийг хэн сайн мэдэх вэ” уралдаан, караоке, анги хамт олны уран уншлагын тэмцээн, ахмадын “Мөнхийн залуу нас” бүжиг, илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага зэрэг олон уламжлалт ажлыг дурдаж болно.

  • Соёл, чөлөөт цагийн ажил
  • Урлаг, уран сайхны ажил
  • Музей, уран зургийн галерей
  • Захиалгат ажил
  • Хүүхдийн авьяасыг хөгжүүлэх дугуйлан
    • Төгөлдөр хуур
    • Дуу, драм
    • Загвар, гоо зүй
    • Ардын бүжиг
    • Спортын цэнгээнт бүжиг
    • Сонгодог бүжиг
    • Морин хуур
    • Уртын болон ардын дуу
    • Ятга
  1. 440 хүний суудалтай Их танхим,
  2. 160 хүний суудалтай бага танхим,
  3. 150 хүн хүлээн авах фойе,
  4. 100 хүн хүлээн авах диско заал,
  5. 120 хүүхэд хичээллэх дугуйлангийн өрөөнүүд,
  6. 6 танхим бүхий Музей

Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулга нь 2002 онд “Уурхайчин” соёлын ордны дэргэд байгуулагдаж, үйлдвэрийн газар, Орхон аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уран бүтээлээ хүргэж, урлаг уран сайхны үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Чуулгын уран бүтээлчид “Бөртэ” хөгжимт драм, “Ану хатан”, “Тэнгэрийн гэрээс” фольк дуурь, “Учиртай гурван толгой” үндэсний дуурийг өөрийн тайзнаа тавьж, “Бөртэ” хөгжимт драм нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн шилдэг бүтээлээр шалгарч, “Тэнгэрийн гэрээс” фольк дуурь орон нутгийн чуулга, театруудын “Сонгодог бүтээл-2012” уралдаанаас ”Гран-При” шагнал хүртэж, “Шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлч-2022” улсын уралдаант шалгаруулалтад тэргүүлсэн зэргээр Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөсөн амжилтуудыг гаргасаар байна.