Олборлолт

ИЛ УУРХАЙ

        Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай баримт  бичигт 1973 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монгол–Зөвлөлтийн Засгийн газар хоорондын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар 1976 оноос уурхайн барилга байгууламжийн ажлыг эхлүүлсэн. Эхний хоёр жилд 10 гаруй сая шоо метр хөрс хуулалтын ажил гүйцэтгэснээр 1978 оны 10 дугаар сарын 1–ний өдөр  Хүдрийн ил уурхайг ашиглалтад оруулж, 2016 оноос Ил уурхай нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

     Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн нь анх ОХУ-ын “Гипроцветмет” нэгдэл болон бусад хүрээлэнгүүдийн гүйцэтгэсэн төслийн дагуу уулын  ажлыг  удирдан  явуулдаг байсан бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон өөрчлөгдсөнөөс эхлэн Ил уурхай нь өөрийн мэргэжилтнүүдийн бэлтгэсэн төслийн дагуу уулын ажлыг удирдан, жилдээ 34 сая.м3 уулын цул олборлох хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

     Олборлолтын эхэн үед ЭКГ-8И маркийн 1ш экскаватор, ЭКГ-4,6 маркийн 2ш экскаватортай ажиллаж байсан бол эдүгээ 18м3 шанагатай “LIEBHERR” фирмийн гидравлик экскаватор, ЭКГ-10 маркийн 10м3 шанагатай экскаватор, ЭКГ-12К маркийн 12м3 шанагатай экскаваторууд, СБШ-250МНА-32 маркийн өрмийн машиныг монгол ажилтан, ажилчид бүрэн эзэмшин ажиллаж байна.

     Мөн авто тээврийн зам барьж байгуулах, засварлах, овоолгын ажлуудыг   “Катерпиллар“, “Комацу“, “Либхэр“ фирмүүдийн гинжит болон дугуйт бульдозерууд, автогрейдер,  шанагт ачигч зэрэг орчин  үеийн  өндөр бүтээмжтэй техникээр гүйцэтгэж, олборлох үйл ажиллагааг Олон Улсын түвшинд хүргэн ажиллаж байна.

     Уурхайг анх нээх үед 84 монгол, 75 гадаад мэргэжилтэн ажиллаж байсан бол дотоодын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах тал дээр анхаарч ажилласны үр дүнд эдүгээ 542 монгол, ОХУ-ын 7 мэргэжилтэнтэй ажиллаж байна. Тус уурхай нь Үйлдвэр техникийн товчоо, Төлөвлөлт шинжилгээний товчоо, ХАБЭА–н товчоо, Геологийн  товчоо, Маркшейдерийн товчоо, Хүний нөөцийн товчоо, Уулын ажлын хэсэг, Өрөмдлөг тэсэлгээний хэсэг,  Зам овоолгын хэсэг, Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсэг, Цахилгаан  тоног төхөөрөмжийн засварын хэсэг гэсэн бүтэцтэй ажиллаж байна.