Тээвэрлэлт

ТЭЭВЭРЛЭЛТ

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цех нь 1975 онд Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Ашиглалтын өмнөх захиргааны харьяанд “Гараашийн аж ахуй” нэртэйгээр 11 машин, 15 ажиллагсадтай, Пилевский В.Я даргын удирдлага дор байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 1978 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 595 тоот тушаалаар Ерөнхий захиргааны Гараашийн аж ахуйг татан буулгаж, Уулын технологи тээврийн цехтэй  нэгтгэн, Технологи тээврийн гараашийг шинээр хүлээн авснаар өөрийн үйлдвэрлэлийн бааз суурьтай болсон.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

- Уулын цул (хүдэр, хөрс) тээвэрлэлтийн батлагдсан төлөвлөгөөг ханган биелүүлэх;

- Үйлдвэрлэлд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түүхий эдийг зөөх;

- Үйлдвэрийн газрын ажилтнуудыг аюулгүй тээвэрлэх;

- Техник, тоног төхөөрөмж угсрах, засварлах, хаягдлын аж ахуйн далангийн өндөрлөгөө, эргэлтийн усны хоолойн угсралт, хамгаалах далангуудыг барих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхэд тусгай зориулалтын машин, механизмаар ханган ажиллах юм.

ЗОРИЛГО:

      Үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн технологийн процессын хэвийн ажиллагааг хангаж байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын машин механизмаар тээвэрлэлт, үйлчилгээ үзүүлж үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг биелүүлэхэд оршино.

       Ерөнхий захирлын 2023.02.09-ны өдрийн А/71 дугаар тушаалын хавсралт (1.2, 2.2)-аар батлагдсан цехийн зохион байгуулалтын бүтэц, орон тоогоор нийт 10 хэсэг, 8 товчоотой, 891 батлагдсан орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Цехийн үндсэн үзүүлэлт болох уулын цул тээвэрлэлт болон ачаа эргэлт жил бүр концепцийн дагуу нэмэгдэж байгаа бөгөөд 2024 онд дараах зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  1. Үйлдвэрийн газрын батлагдсан үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дагуу 31.5 сая м3 уулын цул тээвэрлэн, 310 орчим сая.ткм ачаа эргэлтийг хийж гүйцэтгэнэ.
  2. Цехийн нийт зардалд хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан оновчтой арга хэмжээ авч, “Хэмнэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж ажиллана.
  3. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу боловсруулсан өртөг зардал бууруулах төлөвлөгөөг биелүүлж ажиллана.
  4. Сахилга бат, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журмыг чанд сахин ажиллаж, зөрчлөөс ангид байна.
  5. Тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлын болон парк ашиглалтын итгэлцүүрийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  6. Хөрөнгө оруулалтын ажлыг батлагдсан төлөвлөгөөний хүрээнд цаг хугацаанд нь үндэслэл, тооцоотой хийнэ.
  7. Үйлдвэрийн газрын хэлтэс, нэгжүүдийн тээврийн хэрэгслийн захиалгын дагуу ажлыг чанартай гүйцэтгэж, үйлдвэрийн газрын нийт ажилтнуудыг хуваарийн дагуу аюулгүй тээвэрлэнэ.