Хөгжлийн зүгт
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэл
Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг онцгойлон авч үзэж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 224 дүгээр тогтоолоо гаргалаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, тус үйлдвэрийн тогтвортой хөгжил, урт хугацааны үйл ажиллагааг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаар тогтоолоор батлав.
Хөгжлийн үндсэн чиглэлд дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан болно.
Үүнд:
- Эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх төсөл
- Ил уурхайд хөрс тээвэрлэх мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл
- Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл
- Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэлийн төсөл
- Исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдрийг нуруулдан уусгалт-SX/EW технологиор боловсруулан катодын зэс үйлдвэрлэх төсөл
- Зэсийн баяжмал боловсруулах, металлург-химийн үйлдвэрийн төсөл
- Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр барих.
Үйлдвэрийн хүдэр олборлолт, боловсруулалтын тасралтгүй үйл ажиллагааг хангах, хүдрийн нөөц, баялгийг орд газрын болон дүүргийн хэмжээнд нэмэгдүүлэх, нээн илрүүлэх, геологи хайгуулын ажлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан үр дүнтэй явуулах зорилгоор төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн газрын тогтвортой үйл ажиллагааг тасралтгүй урт хугацаанд хангахад чиглэсэн, хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын ажлын стратегийг боловсруулж, геологи хайгуулын ажлын санхүүжилтэд онцгой анхаарч, жил бүр нэмэгдүүлсээр 10 сая ам.долларт хүргээд байна.
Эрдэс баялгийн нөөц өсгөх зорилтыг хэрэгжүүлэх геологи хайгуулын ажлын хүрээнд Эрдэнэтийн-Овоо ордын хүдрийн нөөцийг олон улсын JORC стандартын дагуу баталгаажуулсан. “Геологийн нөөцийн JORC стандартад шилжүүлж баталгаажуулах, өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх” төслийн ажлын үр дүнд Эрдэнэтийн-Овоо ордын хүдэр дэх зэсийн нөөц 10.7%-аар, молибдены нөөц 16.8%-аар тус тус нэмэгдэж гарсан. Ийнхүү хүдрийн нөөц, баялгийг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэтийн-Овоо ордын үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх, Эрдэнэтийн хүдрийн дүүргийн хэтийн төлөв бүхий орд, илрэлүүдэд геологи хайгуулын ажил явуулах төслүүдийг хэрэгжүүлэн ажилласны үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацаа нэмэгдэж, цаашид 70 орчим жил ажиллах боломж бүрдсэн.
Цаашид уг төслийн хүрээнд ордын хайгуулын ажлыг үргэлжүүлж хүдрийн биетийг бүрэн нэвтрэх, нөөцийн ангилал ахиулах, структурын болон геотехникийн өрөмдлөг болон бусад холбогдох судалгааны ажлуудыг нарийвчлан гүйцэтгэснээр үйлдвэрлэлийн нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой болно.
Дэлхийн уул уурхайн практикт ил уурхайн гүн 150 м-ээс хэтэрсэн тохиолдолд мөчлөгт урсгалт тээврийн технологи /МУТТ/-ийг нэвтрүүлдэг. Манай үйлдвэрийн Ил уурхайн гүн 195 м-т хүрээд байгаа бөгөөд 905 метрийн ёроолтой уурхайн төслийн эцсийн гүн 495 метр юм. Уулын цул тээвэрлэх дундаж зай жил ирэх тусам нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд тээвэрлэлтийн зардал өссөөр байна. Иймээс уулын цул тээвэрлэх зардлыг бууруулах зорилгоор ил уурхайн хөрс болон хүдэр тээвэрлэлтийн 2 комплексоор мөчлөгт урсгалт тээврийн технологи /МУТТ/-ийг нэвтрүүлэхээр болсон. Эхний шатанд ил уурхайн хөрс тээвэрлэлтэд уг технологийг нэвтрүүлэх төсөл эхлүүлээд байгаа бөгөөд өнөөгийн байдлаар төслийн ТЭЗҮ боловсруулагдаж дуусан, инженерийн зураг төслийн ажил 80 хувь хийгдээд байна. Төслийн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл 70%, нийлүүлэлтийн ажил 20% , газар шорооны бэлтгэл ажил 100% хийгдээд байна. Уг төслийг 2022 оны эхний хагас жилд дуусгах төлөвлөгөөөтэй байна.
Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн жилд 6 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалтай өргөтгөлийн 4 дүгээр шугамыг барьж байгуулах төслийн ажлын биелэлт 80%-тай хийгдэж байна. Энэ төсөлтэй хамт нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5 дугаар секцэд жилд 12 сая тн хүдэр боловсруулах төсөл зэрэг хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 70%-тай хийгдэж байна. 2021 ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үндсэн чиглэлийн дагуу Баяжуулах үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар шинэчилснээр жилд 40 сая тн хүртэл хүдэр боловсруулах хүчин чадлыг бий болгон нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
“Засвар механикийн заводыг үндэсний машин үйлдвэрийн суурь болгон хөгжүүлэх өргөтгөл шинэчлэлийн ТЭЗҮ болон нарийвчилсан зураг төсөл боловсруулах ” ажил хийгдэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар механикийн заводыг өргөтгөн шинэчлэх ажилд үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийж хэрэгжүүлснээр 2031 оны эцэст цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 15300 тонн, метал хийц ба стандартын бус тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг 4000 тонн, резинэн эдлэлийн үйлдвэрлэлийг 400 тонн, механик боловсруулалттай эд ангийн үйлдвэрлэлийг 5000 тонн хүртэл тус тус нэмэгдүүлж, импорт орлох бүтээгдэхүүний нэр төрөл болон үйлдвэрлэлийн хэмжээг өсгөснөөр бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэн, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх болно.
Жилд 6500 тонн катодын зэс боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, 2016 онд УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/-өөр батлуулсан. Өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан үйлдвэрийн газрын Техникийн зөвлөлөөс тус үйлдвэрийн хүчин чадлыг жилд 10000 тонн хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гарган, SX/EW технологиор жилд 10 мянган тонн катодын зэс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ болон нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Төслийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг төслийн хэрэгжүүлснээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэмэлт орлого олохоос гадна, байгаль орчинд сөрөг нөлөө багатай дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар нөөц баялгийг бүрэн дүүрэн ашиглах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэн гаргасан зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалыг тасралтгүй ажиллагаатай SKS технологиор хайлуулах, боловсруулах металлурги-химийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг 2020 онд боловсруулсан бөгөөд уг ТЭЗҮ-ээр жилд 120 мянган тн катодын зэс үйлдвэрлэхээр төлөвлөсөн.
Аж үйлдвэрийн хөгжлийн янз бүрийн шатанд Монгол Улсад зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн асуудал яригдах бүрд түүнээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг боловсруулан гарсан хүхрийн хүчлийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл гардаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:
- Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хий (утаа)-г нүүрсний нунтгаар ангижруулан элементийн хүхэр үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилтын ажил;
- Хүхрийн хүчлийг ашиглан Монгол Улсад фосфорын бордоо үйлдвэрлэх боломжийг судлах, туршилт судалгааны ажил.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хий (утаа)-г нүүрсний нунтгаар ангижруулан элементийн хүхэр үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилтын ажлын үр дүнгээр “Тасралтгүй ажиллагаатай SKS технологиор хайлуулах, боловсруулах металлурги-химийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ”-д тодотгол хийж, УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/-өөр хэлэлцүүлэн батлуулах болно. Батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу зураг төсөл боловсруулах, үйлдвэрийг барьж байгуулах ажлууд шат дараатайгаар хийгдэх бөгөөд 2024 онд төслийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 224 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн “Уул уурхай металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл технологийн парк байгуулах судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Холбогдох материалыг УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газартай хамтран бэлтгэж, яамуудаас санал авч уг асуудлыг Засгийн Газрын хурлаар хэлэлцүүлэн 2021 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн Засгийн Газрын 129 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон.
“Уул уурхай металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлын хүрээнд Үйлдвэрлэл, технологийн парк /ҮТП/-ийг цахилгаан эрчим хүчээр хангах ТЭЗҮ боловсруулах, ҮТП-ийн усан хангамж, ариутгах татуургын систем, төмөр зам, авто зам барих зураг төсөл боловсруулах ажлуудын худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байна. ҮТП-ийн дэд бүтцийг 2023 оны эхний хагас жилд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.3.9 дэх заалт, Монгол Улсын Их хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” 23 дугаар тогтоол, Монгол Улсын Их хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” 24 дүгээр тогтоол зэргийг үндэслэн дэвшилтэт техник–технологийг нэвтрүүлж, молибдены баяжмал боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрийн газрын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох зорилгоор молибдены үйлдвэр барьж байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд 2022 оны эхний улиралд хийгдэж дуусна. Уг үйлдвэрийн ТЭЗҮ-ийг УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/-өөр батлуулсны дараа үе шаттайгаар төслийн ажлыг эхлүүлэн, 2023 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.