Амралт

     Сэлэнгэ” амралт, “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зусланг 1981 оны 06 дугаар сарын 01-ний Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр МҮЭ-ийн Төв зөвлөлийн хөрөнгөөр Булган аймгийн Хангал сумын нутагт байгуулсан түүхтэй. Эрдэнэт үйлдвэрийн захиргааны хүсэлтээр МҮЭ-ийн Төв зөвлөлийн шийдвэр гарч, 1981 оны 11 дүгээр сарын 16-наас эхлэн амралт-зусланг Эрдэнэт үйлдвэр дангаараа хариуцах болсон юм.

 

     “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болох “Сэлэнгэ” амралт нь үйлдвэрийн ажиллагсад, зочид төлөөлөгч, гадаад, дотоодын амрагчдыг жилийн турш хүлээн авч, ая тухтай амрах орчин нөхцөлөөр ханган ажиллаж байна. Спортын бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг тус амралтын бааз нь нэг удаад 170-300 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд зуны улиралд хүүхдийн зуслан ажиллуулж, нэг ээлжинд /8 ээлжтэй/ 400-450 хүүхэд амруулдаг.

 

     Тус амралтын бааз нь байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах зорилгоор “Хустайн нуруу” байгалийн цогцолбор газраас бугын или нутагшуулж, 2020 оны байдлаар 30-аад толгой халиун бугатай болоод байна. Мөн амралтын газрын орчинд тэмээ, морь, цацагт хяруул, молтогчин туулай, зэрлэг гахай нутагшуулан тэжээж байна.

 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь  Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборыг түшиглэн Ногоон хөгжлийн төв төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төв нь байгаль орчныг хамгаалах, Монгол оронд нэн ховордсон ан амьтдыг өсгөн үржүүлэх, аялал, жуулчлалыг хөгжүүлэх, уул уурхай хүнд үйлдвэр, байгаль орчны чиглэлээр олон улсын түвшинд зохион байгуулагдаж байгаа хурал, зөвлөгөөнийг Монгол улсдаа зохион байгуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор орчин үеийн шийдэл бүхий хурлын танхим, зочид буудалтай цогц үйл ажиллагаа эрхлэх цогцолбор болох юм.