Эрчим хүч

УС ХАНГАМЖИЙН ЦЕХ

     Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Эрдэнэт хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн газар, албан байгууллагыг ундны болон техникийн цэвэр усаар тасралтгүй найдвартай хангаж, үйлдвэр болон ахуйн хэрэгцээнээс гарсан бохир усыг байгаль дэлхийд хор хөнөөлгүй болтол цэвэрлэж, гол мөрөнд нийлүүлэх зорилготой инженерийн бүхэл бүтэн цогцолбор байгууламжийг “Казводоканал” хүрээлэнгийн зураг төслөөр 1974-1976 онд барьж байгуулан ашиглалтанд оруулсан юм. Энэхүү цогцолбор байгууламжийн ашиглалтыг хариуцах бүтэц Эрдэнэт үйлдвэрт шаардлагатай болохын зэрэгцээ хамтарсан үйлдвэрийн анхны ээлж ашиглалтанд орох болсонтой холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын 1978 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 334 тоот тушаалаар “Гадна ус хангамж, ариутгах татуурга” (ГУСАТ) нэртэй цехийг зохион байгуулсан нь өнөөгийн Ус хангамжийн цех юм.

     Тус цех нь сүүлийн үеийн дэвшилтэт техник болон компьютерийн “ГРАНИТ” удирдлагын системийг 1999 онд нэвтрүүлснээр Сэлэнгэ-Эрдэнэт ус хангамжийн системийн горимыг бүрэн хянаж, “ПАНОМЕТРИКС” маркийн усны зардал хэмжигч тоолуурыг ашиглан үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны хэрэглээний горимыг хянан ажиллаж байна.

     2005 оноос 1-р Ус өргөх байгууламжийн 14 худгийн насосыг “Siemens” пүүсийн насосоор сольж угсрах ажлыг өөрсдийн инженер техникийн ажилтнууд, ажилчдын хүчээр хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү шинэ техник технологи нэвтрүүлснээр засвар хоорондын зай уртасч, цахилгаан эрчим хүч хэмнэж байна. Ус дамжуулах шугам хоолой, насос, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх асуудал судалгааны түвшинд явагдаж байна. Хот өргөжин тэлж, хүн ам өсөж байгаатай уялдан Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг Засгийн газрын түвшинд авч хэлэлцсэн бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэлээ.

     “Эрдэнэт үйлдвэр”-ийг ТӨҮГ болгосонтой холбогдуулан “Ус хангамжийн цех” (УХЦ) нэрээр зохион байгуулагдан ажиллаж байна. Ус хангамжийн цех нь “Үйлдвэр, техникийн алба”, “Эдийн засгийн төлөвлөлт шинжилгээний алба” болон “Цэвэр ус хангамжийн хэсэг”, “Цэвэрлэх байгууламжийн хэсэг”, “Эргэлтийн ус хангамжийн хэсэг”, “Хий хангамжийн хэсэг” гэсэн 4 хэсгийн бүрэлдэхүүнтэй 45 ИТА, 183 ажилчин, нийт 228 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.

ЦАХИЛГААНЫ ЦЕХ

     1976 онд ОХУ-ын Галуут нуурын станцаас Дархан хүртэл 220кВ-ын өндөр хүчдэлийн агаарын шугам татаж, улмаар 1977 онд Дархан-Эрдэнэтийн 220кВ-ын агаарын шугамыг барьснаар Монгол Улсын төвийн эрчим хүчний систем, ОХУ-ын Сибирийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдож, Монгол Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын цахилгаан хангамж шийдэгдсэн юм. 1977 онд Эрдэнэт хот, Сэлэнгэ-Эрдэнэтийн ус дамжуулах шахуургын станцуудыг цахилгаан эрчим хүчээр хангах үүрэгтэйгээр 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 550 тоот тушаалаар “Шугам сүлжээ ба дэд станцын цех” нэртэйгээр байгуулагдсан нь одоогийн Цахилгаан цех юм.

     Тухайн үед зөвлөлтийн 24, монгол 19 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж,  Шугам сүлжээ дэд станц, Цахилгаан техникийн лаборатори гэсэн 2 хэсэгтэй байв. Түүнчлэн дээрх тушаалын хавсралтаар Эрдэнэт үйлдвэрийн ус хангамж, шахуургын станцын 110/6 кВ дэд станцуудын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллуулахаар ММС барилгын удирдах газрын 10 мэргэжилтнийг 2 сарын хугацаагаар томилон ажиллуулсан байдаг.

     Хамтарсан Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахтай холбоотойгоор асар их хөрөнгө зардал гаргаж үйлдвэрийн гадаад цахилгаан хангамжийн 47-р цогцолбор нэрийн дор барьж байгуулсан цахилгаан шугам сүлжээ, дэд станцууд нь Монгол, ЗХУ-ын эрчим хүчний систем зэрэгцээ ажиллах нөхцөлийг бүрдүүлж Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах асуудлыг дээд түвшинд шийдсэн, манай улсын Төвийн эрчим хүчний системийн бааз суурийг бэхжүүлсэн улс төр, эдийн засаг, нийгмийн асар өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт болжээ.

     1978 оны намраас 110/6/6 кВ-ын хүчдэлийн дэд станц болон РП-1, 2, 3 хуваарилах байгууламжууд, хүдрийн ил уурхай 35/6 кВ-ын ЦРП-4/1, ЦРП-4/2 дэд станцууд шугамын хамт, 1989 оноос 110/6/6 кВ-ын РП-5 Төв корпус болон РП-9 КСИ хуваарилах байгууламжууд, 1994 оноос 35/6кВ хүчдэлийн булингийн насосны дэд станц, 2015 онд РП-9.КСИ дэд станцын өргөтгөл, 2017 оноос Дулааны цахилгаан станцын өргөтгөл 110/6кВ-ын Зэст дэд станц болон бусад шинэ объектуудын ашиглалт, үйлчилгээг Цахилгаан цех хариуцан ажиллаж байна.

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ

     Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүдийг болон үйлдвэрийн дүүрэгт байрлах гадны хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн Монгол Улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлэх, өөрийн түгээлтээр Эрдэнэт үйлдвэрийн зарим цех нэгжүүд, гадны байгууллагуудыг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах хариуцлагатай ажлын эзэд нь Дулааны цахилгаан станцын хамт олон юм.

     Дулааны цахилгаан станц нь цагт 435оС-ийн халуунтай, 39 ата даралттай цагт 75 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-75-39 ФБ маркийн 6 зуухтай бөгөөд нэг цагт  450 тонн уур үйлдвэрлэх боломжтой юм. Мөн АНУ-д үйлдвэрлэсэн 2,5 МВт-ын хүчин чадалтай 2ш турбингенератор, БНХАУ-д үйлдвэрлэсэн, тус бүр нь 12МВт-ын хүчин чадалтай СС-12 маркийн 2ш, N-12 маркийн 2ш турбинтэй. Дулааны суурилагдсан хүчин чадал нь 310 Гкал/цаг, цахилгааны суурилагдсан хүчин чадал нь 53МВт болоод байна. Тус станц 319 ажиллагсадтайгаас 72 нь  ИТА, 1 гадаадын мэргэжилтэн  ажиллаж байна.

     Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон “дулаан үйлдвэрлэх”, “цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түгээх”, “дулаан түгээх”, “дулаанаар зохицуулалттай хангах” гэсэн тусгай зөвшөөрлүүд, Эрчим хүчний яамнаас олгосон “зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт засвар, түүний туршилт тохируулга хийх” гэсэн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

     Тус станц нь урт, дунд хугацааны бизнесийн зорилгоо хэрэгжүүлэх үүднээс хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • ДЦС-ын өртгөтгөлийн тоноглолын горим ажиллагааг тогтворжуулан төслийн үр ашгийг нэмэгдүүлэх,
  • Хамгийн оновчтой горимоор ажиллан, дулааны болон цахилгаан эрчим хүчний өөрийн өртгийг бууруулах,
  • Үндсэн ба туслах тоноглолын найдвартай ажиллагааг дээшлүүлэх, тоноглолын ашиглалтын хугацааг уртасгах,
  • Инноваци, эрчим хүчний хэмнэлттэй техник технологийг нэвтрүүлэх ажлууд багтаж байна.