Геологи хайгуул

       Монгол-Зөвлөлтийн хамтарсан Уул, уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 1986 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 145 дугаар тушаалаар Геологи хайгуулын анги байгуулагдсан. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1189 дугаар тушаалаар Геологи хайгуулын экспедици болгон өөрчилсөн.

       Тус экспедици нь байгуулагдсан цагаасаа Монгол Улсын нутаг дэвсгэрт 10 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж, геологи хайгуул, инженер-геологи, гидрогеологийн тусгай зориулалтын цооногуудын өрөмдлөг, геофизикийн цахилгаан, соронзон нарийвчилсан хайгуул болон чулуулгийн дээж бэлтгэх, боловсруулах чиглэлээр өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

     Геологийн бүх үе шатны ажлын төсөл боловсруулах, төсөв гаргах, тайлан бичих, нөөц бодох комплекс ажлуудыг нүүрс, шохойн чулуу, алт, зэс, барилгын материалын зэрэг орд, илрэлүүд дээр геофизик, геохими, өрөмдлөг, дээжлэлт, шинжилгээ судалгааны ажлуудыг гүйцэтгэдэг. Мөн геологийн өгөгдлийн сан үүсгэх Oasis montaj, Imago, MX deposit, ордын 3 хэмжээст загварчлал, түүн дээр тулгуурлан ордын нөөцийн тооцооны ажлыг Micromine, Leapfrog зэрэг программаар олон улсын стандартад нийцүүлэн хийж байна.

     “Эрдэнэтийн Овоо” орд газрын геологи, хайгуулын ажлыг сүүлийн жилүүдэд эрс эрчимжүүлж, уурхайн ашиглалтын явцад хүдрийн нөөцийг шинэчлэн тогтоох ажлыг үе шаттай хэрэгжүүлж, ордын геологийн болон ашиглалтын нөөцийг шинэчлэн тооцож, “Эрдэнэтийн Овоо” ордын геологийн нөөцийг зэсийн 0.20%-ийн захын агуулгаар Баттай нөөц (А), Бодитой (В), Боломжтой (С) ангиллуудаар нийт 10,702.97 мян.тн зэс, 499.05 мян.тн молибдентой 2,977.21 сая.тн хүдэр гэж тооцоолон Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2021 оны арванхоёрдугаар сард хүдрийн нөөцөө нэмэгдүүлснээ баталгаажуулснаар, цаашид 70 жил ажиллах боломжтой болсон юм.

        Цаашид эрэл хайгуул хийх төлөвлөгөөний хүрээнд нийт 99.55 мянган га талбай бүхий Хужир, Зөөхийн гол, Согоот, Оюут, Ундрах, Хөх асгат зэрэг 6 хайгуулын тусгай зөвшөөрлийг 2022 оны 11 дүгээр сард аван эрлийн ажлууд болон Оюутын ордод нарийвчилсан хайгуулын ажлын хүрээнд 2023-2025 хүртэл ашиглалтад бэлтгэхээр ажиллаж байна.

      Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр Исэлдсэн болон ядуу агуулгатай зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн зэрэг томоохон төслүүдийн хүрээнд Ерөнхий захирлын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/566 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг 2021-2022 оны хугацаанд Исэлдсэн хүдрийн №12, №8а, №2б овоолгуудын нөөцийг баталгаажуулах зорилгоор 1739 тууш метр өрөмдлөгийн ажил, технологийн туршилтын ажлыг гүйцэтгэж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж үүсмэл ордын нөөцийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 243.5 мянган тн зэс агуулсан 50.45 сая тн хүдрээр тооцуулсан.

     Геологи, хайгуулын экспедици нь Эрдэнэт үйлдвэрийн бусад цех, хэсгүүдийн захиалгаар барилгын, заал чимэглэлийн элсний орд газар, зам барилгын хайрга чулууны орд, инженер геологи, гидрогеологийн тусгай зориулалтын цооногуудын өрөмдлөгийн ажлыг чанарын өндөр үзүүлэлттэй, шуурхай хийж гүйцэтгэж байна.