Мэдээ мэдээлэл

“Шударга ёсны боловсрол” сургалтыг Төв аймагт зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах хүрээнд “Боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ-тай хамтран “Шударга ёсны боловсрол” сургалтыг Төв аймагт зохион байгууллаа.

Урьдчилан боловсруулсан хөтөлбөрийн дагуу 6-12 дугаар ангийн багш нарт 8 цагийн сургалтыг “Үнэт зүйлтэй байх, үнэт зүйлээ бусадтайгаа хуваалцах”, “Нэр томьёог зөв ойлгох нь, албан ёсны эх сурвалж”, “Хууль бус, хууль ёсны, зөв үү, буруу юу” ойлголтыг таних, тодорхойлох, “Шударга ба шударга бус байдалд үзэл бодлоо илэрхийлэх”, “Хүүхдүүд авлигын эсрэг”, “Бусдад нөлөөлөх арга зүй, сошиал медиа, анги, бүлгийн хэлэлцүүлэг”, “Сонгууль ба авлига” сэдвүүдээр, идэвхтэн суралцагчдад тэгш ёс, шударга ёсны зарчим, шударга ба шударга бусын утга учир, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголт мэдлэг олж авах, ёс суртахуунтай, шударга байх итгэл үнэмшил, үзэл бодолтой байхад чиглүүлэн, санаа бодлоо илэрхийлэх, харилцан ярилцлага, ажиглалт хэлбэрээр багийн оролцоонд тулгуурлан сургалтыг явуулав. “Боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ-ын багш Г.Оюунжаргал, Л.Мишигжав нартай хамтран зохион байгуулсан уг сургалтад Төв аймгийн “Хүмүүн” сургууль, 4, 5 дугаар сургуулийн 31 багш, 30 суралцагч, нийт 61 хүн хамрагдсан байна.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам, М.Жамъянчойжил нар Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлаг, харьяа байгууллага, Боловсрол, шинжлэх, ухааны газар, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, албан хаагч нийт 75 хүнд авлигын эсрэг сургалтыг “Авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Нийтийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэргийн тухай ойлголт” сэдвээр тус тус хийв.

Сэтгэгдэл үлдээх