Мэдээ мэдээлэл

Д.ДАГИЙМАА: “Сонгодог шуранхай” тоглолтоороо Улаанбаатарын үзэгчдэд бэлэг барина

access_time 2019-09-11

   Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Эрдэнэт хотынхоо нүүр царай, өнгө төрхийг илтгэсэн Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбороор зочиллоо. Авьяаслаг уран бүтээлчдийг “өлгийдөн” авч, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн энэ байгууллага үйл ажиллагааны хамрах хүрээгээр хүүхэд залуучууд, уурхайчдад чиглэсэн олон талт сургалтын хөтөлбөртэй. Энэ удаа уртын дууг этник хэлбэрээр дуулж, уран бүтээлийн анхны цомгоо “өлгийдөн” авахаар хүлээн суугаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Дашийн Дагиймаатай цөөн хором ярилцлаа. Уран бүтээлчийн дэврүүн хүсэл мөрөөдлийг хуваалцъя.

   -Уртын дуучин болох нь таны мөрөөдлийн нэг хэсэг байв уу? Мэргэжил сонголтын сэдвээр ярилцлагаа эхлье?

   -Би багаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Намайг дөрвөн настайд эмээ маань өөрийн мэддэг ардын болон уртын дуугаа зааж өгсөн юмдаг. Эмээ Булган аймгийн Баян-Агт сумынх. Хөдөөгийн найр хуримд намайг дагуулж явна, би дуулахыг нь их ч сонсдог байлаа. Харин миний бага нас Булган аймгийн төвд өнгөрч, Орхон аймгийн 5 дугаар 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн. Харин 2003 онд СУИС-ийн Уртын дуу дуулаачийн ангид элссэнээр урлагийн хүн болох зам мөрөө тавьж билээ.

   Мэргэжил сонголтын тал дээр урлагт “дурласан” зүрхээ дагасан хэрэг л дээ. Би сурагч байхын Яргуй наадам, төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцдог хүүхэд байлаа. 10 дугаар ангиа төгсөх жил бие даасан тайлан тоглолтоо хийх үеэр ах дүү нар маань ирж үзчихээд “Чи урлагийн хүн болно оо” гэж хэлж байсан нь надад их хүч өгсөн гэж боддог. Ингээд л урлагийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдэн, Монгол Улсын Гавьяат багш  Ц.Дэлгэрийн удирдлаган дор мэргэжлийн дуулаач болсон. Уртын дуу дуулаач нар үндэсний өв соёлоо хадгалан, түүнийг түгээн дэлгэрүүлэх томоохон хариуцлага үүрдэг.

   -Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн байгууллагатай хэдий үеэс холбогдож, мэргэжлээрээ ажиллах болов?

   -Ажлын гараагаа “Улаанбаатар” чуулгаас эхэлж, хоёр жил ажилласан. Улмаар гэр бүлийн хүнтэйгээ ярилцан, Эрдэнэт хотдоо ажиллаж амьдрах, уран бүтээлээ туурвих шийдвэр гаргаснаар 2011 онд “Уурхайчин” соёлын ордны ажилтан болсон. Миний хувьд уурхайчдын эгнээнд мөр зэрэгцэн ажиллаагүй ч нэг байгууллагад харьяалагдан, олон нийтэд соёлын боловсрол олгох ажилд гар бие оролцон, шавь нараа бэлтгэж байгаадаа баярладаг. Сүүлийн үед хувийн уран бүтээл дээрээ давхар ажиллаж байна.

   -Уран бүтээл туурвих явцад хүндрэлтэй зүйл тулгардаг уу? Өөрийн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээс бидэнтэй хуваалцахгүй юу?

   -Шинэ санаа гаргаад хэрэгжүүлье гэхээр хамгийн түрүүнд санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Мэдээж бэрхшээл олон. Гэхдээ тэр бүрийг тоочихоос илүүтэй залуу хүний зоримог зангаар аливаа бэрхшээлийг даван туулаад л явж байна. Ер нь өөрийн гэсэн уран бүтээлтэй болохыг илүүд үздэг. Ямартаа ч энэ ондоо багтаан, “Сонгодог шуранхай” тоглолтоороо Улаанбаатарын үзэгчдэд бэлэг барихаар бэлтгэж байна. Уран бүтээлчид зөвхөн хөдөөд бус хотод ч тоглолт хийж болдгийг, урлагийн хөгжил улс орны аль ч өнцөгт байдгийг энэ тоглолтоороо харуулах болно.

   -Ойрын үед ямар уран бүтээл дээр төвлөрч байна вэ?

   -“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын дуучин, дуурийн дуулаач, МУСТА Н.Нямсүрэнтэйгээ хамтран “Сонгодог шуранхай” тоглолтоо хийснийг үзэгчид маань санаж байгаа байх. Ер нь уран бүтээл хийхэд санаа нийлнэ гэдэг маш чухал. Би Н.Нямсүрэнгээ алтан хамтрагч гэж хэлнэ. Бид энэ сардаа багтаан “Сонгодог шуранхай” нэртэй шинэхэн цомгоо хэвлүүлж, он гарахаас өмнө цомгийн баяраа хийхээр төлөвлөж байна. Цомогт маань этник хэлбэрээр дуулсан 5 уран бүтээл, уртын дуу мөн тооны багтсан. Опера, ардын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулан дуулснаараа энэ цомог маань өвөрмөц байх болов уу. Үндсэн ажлынхаа хажуугаар хоолой бичүүлж, аринжировк хийлгэх гээд Улаанбаатар хот руу явах ажил чамгүй байлаа. Урын сангийнхаа дууг ч нэлээд баяжууллаа.

   -Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбор бусад урлагийн байгууллагаас ямар ялгаатай вэ?

   -Соёлын ордны уран бүтээлчид маань сонгодог тоглолт дээр түлхүү ажилладаг. Манайхан энэ сарыг буриад болон орос ардын дууны сар болгон зарлаж, дор бүртээ бэлтгэлээ хангаж байна. Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн байгууллагад бусдаас ялгаатай тал их бий. Манай “Эрдэнэт” чуулга гэхэд 5 дуучин, 10-аад бүжигчинтэй. Гэтэл томоохон тоглолтууд дээр дуулах, бүжиглэх, хөгжимдөх хангалттай нөөцтэй. Энэ нь мэдээж үйлдвэрийн ажилтан, ажиллагсад, уурхайчид байдаг. Мэргэжлийн түвшинд хүртэл өөрсдийгөө хөгжүүлж, дайчилж чадсан мундаг хүмүүс гэж би хувьдаа боддог. Миний хувьд сүүлийн хоёр жил уурхайчдынхаа хүсэлтээр уртын дууны багшаар ажиллаж, 10-аад шавьтай болсон. Анхан шатнаас нь эхлэн зааж байгаа. Сонирхсон хэн бүхэнд сургалт маань нээлттэйг энэ дашрамд хэлье.

   -Зав чөлөөгүй ажилладаг уран бүтээлчдийн хувьд ар гэрийн асуудлаа орхигдуулах үе гардаг байх. Амьдралын түших багана болсон ханийнхаа талаар ярина уу?

   -Би ханьтайгаа 10-н жилийн нэг ангид тохой мөрлөн суудаг байлаа. Миний хань сургуульдаа онц сурлагатан байсан болохоор урлаг уран сайхан гээд хичээлээс хоцорсон надад хичээлээ нөхөж ойлгоход их тусалдаг байсан. Оюутан болоод ч хамтдаа байсан. Урлагийн хүний ажил мэргэжлийг ойлгодог ханьтай байна гэдэг сайхан. Миний хань тийм л хүн. Одоо Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн байгууллагад ажилладаг. Бид хайраасаа нахиалсан хоёр хөөрхөн хүүхэдтэй.

   -Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

   -Монгол Улсад Соёл, урлагийн ажилтны өдрийг 1993 оноос тэмдэглэж ирсэн байдаг. Манай хамт олон ч эдгээр өдрүүдэд баяраа тэмдэглэж, ололт амжилтаа нийтийн сонорт хүргэж байгаад таатай байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ Соёлын ордны үе үеийн удирдлага, ажилтан, ажиллагсад, уурхайчид, дугуйлангийн сурагчид болоод орон нутгийн мэргэжлийн байгууллагуудад ажиллаж байгаа уран бүтээлчиддээ өндөр амжилт хүсье. Урлаг биднийг нэгтгэдэг болохоор халуун дулаан сэтгэлийн үгээр та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Ярилцсан И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Сэтгэгдэл үлдээх