Мэдээ мэдээлэл

Дүгэрийн ОДОНЧИМЭГ

access_time 2019-11-18

Овог нэр:

Дүгэрийн ОДОНЧИМЭГ

Төгссөн сургууль:

Хөгжим бүжгийн дунд сургууль, Дорнод Сибирийн Соёл урлагийн их сургууль

Мэргэжил:

Найруулагч

Ажилласан туршлага:

1988-1991 онд “Варьете” чуулгад театр, студийн багшаар ажлын гараагаа эхэлж, 1991 оноос Эрдэнэт үйлдвэрийн соёл, урлагийн байгууллагад ажилласан.

Эдүгээ Соёл, урлагийн цогцолборт уран сайхны удирдаач, найруулагчаар 29 дэх жилдээ ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

1999 онд Санкт-Петербург хотын Соёл урлагийн академи, 2005 онд Улаан-Үд хотын Соёл урлагийн академийг Соёл урлагийн менежерээр тус тус төгссөн.

Чин хүсэл:

Үндэсний өв соёлын нэг болох морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэхэд “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид сэтгэл, зүтгэлээ зориулан яваа. Тэд 2014 онд “Хан хуур” төслийн хүрээнд морин хуурын хамтлаг байгуулж байсан бол энэ сарын 22-нд Эрдэнэтчүүддээ тайлан тоглолтоор бэлэг барихаар бэлтгэлээ хангаж байна. “Морин хуур авч ирээгүй хүнийг хаалгаар оруулахгүй” гээд зогсож байсан найруулагчийн мөрөөдөл өнөөдөр биелэлээ олсон. Тэрээр соёл урлагийн байгууллагын ажилтнуудаа “Өргөө гэртээ хуурын чавхдас татаж, үр хүүхдэдээ зааж сурган, хойч үеийнхэнд өв соёлоо түгээн дэлгэрүүлээсэй” хэмээн чин сэтгэлээсээ хүсэж явдаг нэгэн. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов, Соёлын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн нарын бүтээл “Уурхайчин би” дууг 6500 уурхайчны сэтгэл зүрхний сүлд дуу нь байгаасай гэж хүсдэг.

 

 

-Таны амьдралын сэргээш юу вэ? Амьдралын эрч хүчийг юунаас авдаг вэ?

-Мөрөөдөл гэж хэлнэ. Хүсэл мөрөөдөл минь миний амьдралын сэргээш болдог. Мөрөөдөл бол өдөр бүрийг өнгөлөг, гэгээлгээр харахын нууц гэж хэлнэ.
 

-Хийж байгаа ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна вэ?

-Найруулах ажлыг сэтгэлийн хөдөлгөөн болоод жаахан уран сэтгэмжтэй хэн ч хийчихнэ. Гэхдээ найруулагч байна гэдэг маш хүнд философи гэж би хэлнэ. Миний хувьд хичээж л явна. Чадаж байна, чадчихлаа гэж өөртөө тавьсан үнэлгээ хүнийг мөхөлд хүргэдэг гэж би боддог. Харамсалтай нь, энэ баг хэдэн зуунаар дамжин батлагдсан гашуун үнэн.
 

-Ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

-Урлагийн хүн байна гэдэг хэцүү. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов гуай,

Алт мөнгө тоохгүй

Авьяас билэг дөрөөлсөн

Алдар нэр горилохгүй

Алга ташилтанд хөөрсөн

Ай даа энэ урлагийнхан гэдэг чинь

Ассан цучил шиг улс аа... гэж шүлэглэсэн байдаг.

Ийм л хүнд мэргэжил. Гэвч хамгийн хэцүү хүнд үед ч тэвчээр зааж, тэмцэж чадвал амьдралаас өгөөмөр хишгийг хүртдэг. Энэ хишгийг хүртэж яваа би, азтай эмэгтэй.
 

-Эрдэнэт үйлдвэр таны сэтгэл зүрхэнд хэрхэн багтдаг вэ?

-Эрдэнэт үйлдвэр минь “Бурхан бумын орон” шүү дээ. Бид энэ үйлдвэрээ шүтэж, биширч, чин сэтгэлээ чин үнэнчээр зориулах үүрэгтэй.
 

-Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү?

-Авах гээхийн ухаанаар хандаж ирсэн. Бусдын туршлагыг сонсох дуртай. Урлагийн хүн учраас өдөр тутам суралцахыг чухалчилдаг.
 

-Өнөөгийн залуусын талаарх таны бодол? Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Монгол тал нутаг шигээ уужуу тайвуу сэтгэлтэй байхад Монгол эрхэм хүн байж чадна л гэж боддог.
 

-Та энэ буланд хэнийг санал болгох вэ?

-“Хөгжим гэдэг бол авьяасаар төдийгүй ухаанаар бүтдэг урлаг” гэж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Ардын жүжигчин Н.Жанцанноров хэлсэн байдаг. Надтай хамгийн ойр ажиллаж, ухаанаараа нийгмийг хөглөж яваа хүн бол хөгжмийн зохиолч, МУСТА Б.Цэрэндондов. Энэ хүний дотор сэтгэлийг сонсоосой гэж бодож байна.

Сэтгэгдэл үлдээх