Мэдээ мэдээлэл

Ц.Шоовдор: Би их олон жил өглөө эртээс шөнө дөл хүртэл хөдөлмөрлөсөн

access_time 2019-11-12
label Спорт

   Волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтэд энэ спортын алтан үеийн тамирчид уригдсан юм. Алтан үеийнхний манлайд од болон гялалзаж явсан Монгол Улсын гавьяат тамирчин, волейболын спортын олон улсын хэмжээний мастер Цээ-Оригийн Шоовдортой ярилцлаа.

   - Үндэсний дээд лигийн тэмцээний нээлт, хоёрдугаар тойргийн тоглолт Эрдэнэтэд боллоо. Таны сэтгэлд нийцэв үү?
   - Их сайхан байна. Нээлтийн ёслол соёл, спортоор цэнгүүлсэн өвөрмөц ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагаа, аялан тоглолтыг Монголын Волейболын холбоог 12 жил удирдсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн санаачилсан юм. Эрдэнэтийн иргэд энэ гурван өдрийн турш волейболоор амьсгаллаа. Лигийн шилдэг тамирчдын гайхалтай тоглолт Эрдэнэтийн хүүхэд залууст волейболын спортоор хичээллэх хүсэл төрүүлсэн байхаа. 

   - Та  волейболын спортод анх хөл тавьсан үеийн дурсамжаасаа хуваалцана уу?
  - 1958 онд намайг 9-р ангийн сурагч байхад  волейболын шигшээ багт тоглуулна гээд хөдөөнөөс Улаанбаатарт аваад ирлээ. Би волейбол тоглож байгаагүй, бараг бөмбөг давуулж ч чадахгүй “амьтан” байв. Хөнгөн атлетикаар хичээллэж байсан болохоор үсрэлт, хурд, уян хатан чанарын хувьд бусдаас ялгарах онцлогтой байсан байх. Миний аав, ээж Өврийн сайхан хангай нутгийн нуруулаг, биерхүү хүмүүс байлаа. Тэднээс минь надад дамжсан чацархаг бие волейболын спортод зохицсон байх. Би ч удалгүй энэ спортод дурлаж эхэлсэн дээ. Багш нарынхаа заасан болгоныг сурах гэж их л мэрийдэг байлаа. 1960 оны эхээр Азийн социалист 10 гаруй орноос эрэгтэй тамирчид манай улсад ирж тоглосон юм. Тэндээс л би волейболын спортын гайхамшгийг мэдэрч, техникийг жигд сайн эзэмших ёстойг ойлгосон. Ингээд энэ спортод бүр ч их шимтсэн дээ. 
   
  - Таныг тухайн үедээ тоглолтын уран чадвараараа Улсын шигшээ багийн эмэгтэй тоглогчдоос хол тасарсан, гадаадын волейболчид ч таны тоглолтыг биширдэг байсныг үеийн тань тамирчид ярьж  байсан. Ид тоглож байсан үеэ дурсана уу?
   - Би 1958-1979 он хүртэл улсын шигшээ багийн үндсэн тоглогч, багийн ахлагч, дасгалжуулагчаар тасралтгүй ажилласан. УАШТ, Монголын бүх ард түмний спартикиад болон бусад тэмцээнд тогтмол медальт байрт орж байлаа. Мөн улс хоорондын олон улсын, дэлхийн оюутны Универсиадын, дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд багаа удирдан, амжилттай тоглож, шилдэг тоглогчийн шагналыг цөөнгүй  хүртэж явлаа.

   - Монголын Волейболын спортын хатан хаан ч гэж нэрлэх юм билээ?
   - 1960-1966 оны үед миний үсрэлт, хурд бусдаас арай өөр түвшинд хүрч л дээ. Энэ үед би эрэгтэй сеткэн дээр тоглодог байсан. Миний ахалсан баг улсын аваргын тэмцээнд ихэвчлэн тэргүүн байрт шалгардаг байлаа. Тэгээд л сэтгүүлч, сурвалжлагчид л тэгж бичиж байсан хэрэг. Би өөрийнхөө амжилтыг Г.Шоовдор, Б.Авирмэд, Ч.Дэмчиг нарын гайхамшигтай сайхан багш нар, шилдэг сайн шавь нартайгаа холбож ойлгодог.

 


   - Таны олон жилийн нөр их хөдөлмөрийн дүнд шавь нараас тань алдартай волейболчид олноороо төрөн гарсан байх?
  - Намайг 1969 онд Улсын шигшээ багийн тоглогч, дасгалжуулагчаар, 1980  оноос Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон юм. Шигшээ багийн сургалтаар би 140 гаруй  спортын мастер төрүүлсэн. Тэднээс  30 гаруй нь олон улсын хэмжээний мастер болсон. Чамгүй хөдөлмөр зарцуулсны хүчинд   чансаатай тамирчид бэлджээ гэж би өөрөөрөө бахархдаг.

   - Та шигшээ багийн үндсэн тоглогч, дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ Их сургуулиудад олон жил багшилсан гэдэг. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж байв?
   - Би 1969 онд МУИС-ийн Түүхийн ангийг онц төгсч, сургууль намайг багшаар үлдээсэн. Дараа нь ХААИС-д 1973-2014 он хүртэл тасралтгүй ажилласан. Би их олон жил өглөө эртээс шөнийн 11 цаг  хүртэл хөдөлмөрлөсөн. Миний үндсэн ажил дээд сургуулийн нийгмийн ухааны багш. Өдөр бүр 15.40 хүртэл хичээл заана. Дараа нь оюутны волейболын секц хичээллүүлнэ. Үдэш шигшээ багийн тамирчдыг дасгалжуулж, бас тоглоно. Энэ бүх ажил засварлагагүй үргэлжилж байсан. Гэсэн ч би  харамсдаггүй. Миний хийсэн ажил бүхэн надад тодорхой үр дүн, баяр жаргал авчирсан. Би улсад 55 жил хөдөлмөрлөсөн. Энэ хугацаанд нэг ч удаа эмийн чөлөө авч үзээгүй. Өнөөдөр миний нас  80  шүргэж яваа ч эрүүл саруул байна.

   - Гайхалтай. Спортоор тууштай хичээллэснээр эрүүл саруул урт наслах, хөдөлмөрлөх нөөц ямар их байдгийг та биеэрээ харуулж байна?
   - Баярлалаа. Энэ бол волейболын спортын гавьяа. Оюуны хөдөлмөрийг спорттой хослуулсны ач.
   
   - Волейболыг оюуны спорт гэх хандлага байдаг. Та үүнийг юу гэж үздэг вэ?
  - Энэ  спорт тоглогчоос  гүйлгээ ухаан шаарддаг. Тоглогч маш богино хугацаанд бүр 2-3 секундэд шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Бөмбөгийг чанга цохих нь гол биш, үсэрч явахдаа багтаа оноо авах ашигтай хувилбар сонгож, зөв шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй.
   Шигшээ баг зогсонги байдалтай болсон цаг үед би цөөхөн охид ч гэсэн бэлдэж өгье гээд волейболын гүнзгий анги хичээллүүлсэн. 10-11 настай 10 хүү, тоонд сайн 20 охиныг сонгосон юм. Манай охид тоглох ур чадвар, сэтгэн бодох, шийдвэр гаргах түвшнээрээ бусдаас илүү байсан. Мэдээж  волейболчинд хурд, хүч, уян хатан чанар чухал.

   - Энэ спортоор амжилт гаргах үндэс нь юу вэ? Волейболын техникийг хэрхэн жигд эзэмшихийг тайлбарлаж өгөөч?
   - Волейболын тамирчин техникийг жигд эзэмших хэрэгтэй юм. Давуулалт,  довтолгоо, хамгаалалт, хаалт, тэр бүү хэл холбогчийг ч гарамгай хийдэг байж волейболд амжилт гаргана гэж би  шавь нартаа хэлдэг. Сургуулилт дээр тэгш тоглодог болгох зорилгоор дээрх техникийг бүх тамирчинд эзэмшүүлэх зорилго тавин давтуулдаг. Холбогч бол одоо цагт тоглолтыг найруулдаг тамирчин болсон. Багш дасгалжуулагч нар дэлхийн волейболын хөгжилд гарч буй  шинэ зүйлийг  ухаалаг тусгаж, сургалт дасгалжуулалтын ажилдаа нэвтрүүлэх нь зүйтэй.

 
   - Таны нэрэмжит тэмцээн олон жил зохиогдсон. Сүүлийн үед яагаад тасрав? 
  - Өвөрхангай аймгийн 10 жилийн сургуулийн захирал асан миний ангийн  найз санаачлан энэ тэмцээнийг эхлүүлсэн хэрэг. Эхэндээ Өвөрхангайд зөвхөн охидын дунд явуулсан. Тэр үед Улаанбаатарын 4, Өвөрхангайн 4, нийт 8 багийн 64 хүүхэд өрсөлдсөн. Энэ тоо жил бүр өссөөр 50 багийн 500 гаруй тамирчинд хүрснээр Өвөрхангайн зааланд багтахаа болиод 2000 оноос Улаанбаатарт явуулж эхэлсэн юм. 2002 оноос хөдөө орон нутаг спортын ордонтой болж, аймгуудад явагдах болсон. Хүүхдүүд энэ тэмцээнд ирэх их дуртай, цас зудыг ч үл ажран ирдэгсэн. 2010 оны их зудтай хавар Дорнодод тэмцээн болоход баруун аймгуудаас хүүхдүүд замдаа цасанд суусан машинаа татаж гаргасаар очсон. Тэмцээний үр дүнд хөдөө орон нутгийн волейбол сонирхогчдын тоо эрс өссөн. Миний нэрэмжит тэмцээн 26 жил тасралтгүй үргэлжилсэн. Сүүлийн хэдэн жил тасалдсан. Одоо Баруун, Хангай, Төв, Зүүн, Говийн бүсчлэлээр волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээн явуулдаг боллоо. Тэмцээнийг аймаг бүр өөрийнхөө өндөр зэрэгтэй мастеруудын нэрэмжит болгосон. Энэ их зөв, сайхан ажил. Волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд залуу волейболчин мастеруудаар эгнээгээ тэлж байгаа. Тэд шинэлэг хэлбэрийн ажил санаачлан, өөрсдөө манлайлж яваад би их баяртай байна.

   - Нэгэн үед Волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүн асан, ахмад, алдартай тамирчны хувьд Волейболын холбооныхонд хандаж юу хэлэх вэ?
   - Холбооны удирдах зөвлөлийнхөн надтай ямагт зөвшилцдөг, намайг сонссоор ирсэн. Монголын волейболын холбоо зорилтот хөтөлбөрөөрөө насны бүх ангиллаар тэмцээн явуулж байгаа. Түүнийгээ улам чанартай болговол амжилт улам л тодорно. Гадаадад тэмцээнд оролцож буй тамирчныг зөв сонгох хэрэгтэй. Сүүлийн хэдэн жил клубүүдийн аварга болсон багаа явуулж байгаа. Урт хугацаанд багаар ажилласан нь сугалаагаар таарсан тамирчдаас ондоо. Нэг дор сугалсан 6 мастер тэмцээнд түрүүлээгүй байхад, ХААИС-ийн баг жил бүр медаль авч байдаг. Энэ нь багийн төлөвшил ганц хоёр сарын дотор бий болчихдоггүйг харуулж байгаа юм.


   - Энэ цагийн волейболчдын ур чадварын тухайд та юу хэлэх вэ?
   - Монголын волейболчдын ур чадвар байнга өссөөр байна. Волейболын багт 12 үндсэн тоглогч байдаг. Тэдний гадаадын тэмцээний зардлыг даах ивээн тэтгэгч ховор байна. Спортын байгууллагын бэл бэнчин тааруухан байна. Гэлээ ч манай Волейболын холбоо зүүн Азийн тэмцээнд бүх насны ангиллын баг тамирчдыг явуулж байгаа. Манай тамирчид ч гадаадаас медальтай ирж байгаа. Өнөөдрийн дээд лигийн тэмцээнийг харахад багууд эн тэнцүүхэн өрсөлдөж байна. Тамирчдын ур чадвар өмнөх үеэс зүйрлэшгүй ихээр өсчээ. Тэдэн дундаас тасархай сайн тоглож буй хүүхдүүд байна. Тэгш сайхан тоглодог тамирчид олон болжээ.

  - Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголд Их спорт, багийн спортыг хөгжүүлэх, түүнийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?
   - Эрдэнэт үйлдвэр Волейболын дээд лигийн тэмцээн явагдаж байсан бүхий  л хугацаанд санхүүжүүлсээр ирсэн. Дэлхийн стандартад нийцсэн спортын барилга байгууламж, талбай зэргийг бий болгосон нь Монголд өөр хаана ч байхгүй. Олимпийн тамирчид энд л бэлтгэлээ базааж байна. Нөгөөтэйгүүр ажилчдынхаа спорт, урлагаар хичээллэх боломжийг бүрдүүлж, ямар их дэмждэг болох нь харагдаж байна. Монгол Улсын аж үйлдвэрийн төв болсон энэ сайхан хот, уурхайчдаар би дандаа бахархдаг.

   - Эрдэнэт волейболын тамирчдын их “уурхай” болж байсан гэж та нэгэнтээ хэлсэн. Энэ тухай?
  - Оросын Универсиад багт тоглож, Залуучуудын шигшээ багийн гишүүн байсан Белов энд их сайхан өнгө аяс бий болгосон. Дэлхийн хэмжээний мастер тамирчин ямаршуу түвшинд тоглодгийг Эрдэнэтчүүд хамгийн түрүүн ойлгосон гэж би боддог. Эрдэнэтийн уурхайд ажиллаж байсан Оросын мэргэжилтнүүд ч их нөлөөтэй байсан.

   - Волейболын спортыг сонирхон хичээллэх хүүхэд олон байгаа байх. Эцэг эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэйг хэлж өгнө үү?
   - Хүүхдийг аль болох багаас нь волейболоор хичээллүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ сургалтыг зөв явуулж буй багшид хүүхдээ өгөөрэй. Волейбол унах, үсрэх, үсрээд зөв буух гэхчилэн нарийн  шилжих хөдөлгөөнүүдтэй. Шилжих хөдөлгөөн заагаагүй бол волейболын тоглолтод оруулж болохгүй. Унаад гэмтэхгүй техникүүд байдаг. Энэ бүхнийг багш зөв заах ёстой. Хүүхдээ хичээл номд нь шамдуулахын зэрэгцээ  спортод дурлуул. Ялангуяа волейболын спорт хүнийг маш сайхан төлөвшүүлдэг. Багийн  спорт учраас хамтач, нийтэч зан төлөвтэй болно. Багаар ажиллах чадвар, бусдыг хүндлэх эрхэм чанарыг эзэмшинэ. Сахилга бат, хувийн зохион байгуулалт сайжирна.

   - Цаг зав гарган сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.

   1960-1970 онд Эмэгтэйчүүдийн шигшээ багийн шилдгийн шилдэг тамирчин, дасгалжуулагч байж, хүчтэй довтолгоо, тоглолтын хосгүй ур чадвараараа гайхуулж явсан энэ буурай даруухан ярьж, сайхан инээмсэглэх юм. Энгүүн даруу, хэнд ч хүндэтгэлтэй хандах эрхэм чанар нь ийм л агуу нэгэнд заяадаг мэт.


Я.ЭНХТУЯА

Сэтгэгдэл үлдээх