Мэдээ мэдээлэл

Монголын Волейболын Үндэсний лигийн баг, тамирчид Эрдэнэт хотноо хүрэлцэн ирлээ

access_time 2019-11-07
label Спорт

   Өнөөдөр өглөө Эрдэнэт хотноо хүрэлцэн ирсэн, Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч баг тамирчдыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын холбогдох цех, нэгжийн удирдлагууд угтан авлаа. Баг тамирчдад хандан Монголын  Волейболын холбооны Үндэсний дээд лиг зохион байгуулах хорооны гишүүн, Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү үг хэлж, амжилт хүссэн юм. Тэрээр “Эрхэм хүндэт үе үеийн алдар суут тамирчид, тэмцээнийг зохион байгуулах хорооны гишүүд, Монголын волейболын холбооны төлөөлөгчдөдөө цэнгэг өглөөний мэндийг чин сэтгэлийн угаас хүргэе. Эрдэнэт үйлдвэр нийгмийн харилцааны чиглэлээр хүлээсэн үүргийнхээ дагуу спорт, урлагийн олон талт үйл ажиллагааг бүс нутаг, улс, Олон улсын түвшинд зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлалт ажлын үргэлжлэл бол та бүхний оролцохоор хүрэлцэн ирсэн Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээн юм. Эрдэнэт үйлдвэр уг тэмцээнийг Монголын Волейболын холбоотой хамтран зохион байгуулахаар шийдвэрлэн, өндөр хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад байна. Тамирчид та бүхэн хурд хүч, өндөр үсрэлтийн гайхамшгийг мэдрүүлэн, ухаалаг, уран тоглолтоор үзэгчдийг баясгаж, Эрдэнэтийн волейбол сонирхогч, дэмжигчдийн сэтгэлд бахархалтайгаар үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Эрдэнэтийн волейбол сонирхогч хүүхэд, залуучууд уран сайхан тоглолтыг үзэж, түүнээс суралцан, өөрсдийн ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ та бүхний залгамж халаа болох олон шилдэг тамирчид төрнө гэдэгт бид итгэж байна. Та бүхэнд спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Эрдэнэт хотод тавтай морилно уу” хэмээсэн. Энэ үеэр, Монгол Улсын СГЗ, зохиолч, яруу найрагч Дамбийн Дашдондовын ая, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намсрайжавын Батжаргалын үг “Жигүүрт бөмбөлөг” дуугаар нийт тамирчдад мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү дуу нь Монголын Волейболын холбооны сүлд дуу болон эгшиглэх юм. 


 

 

 

 

 

 

 

 

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл үлдээх