Мэдээ мэдээлэл

Ц.ГҮРРАГЧАА: Бид илүү том орон зайд ажилламаар байна

access_time 2019-10-08

   “Бид Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн” гээд нүүрэндээ инээмсэглэл тодруулах үйлдвэрлэгчтэй уулзлаа. Эрдэнэт үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн дөрвөн залуу лед гэрлийн үйлдвэрлэлээр Монголдоо хувьсал хийж, Санхүүгийн зах зээл дээр “цахиур хагалсан” нь саяхан. Тэрээр “Гэрэл бүтээчихлээ гэхэд гайхах хүн олон байсан, одоо ч сонин биш болж дээ” хэмээн яриагаа үргэлжлүүлж, 2020 онд дэлхийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүнээр Монголын нэрийг гаргах тухайгаа өгүүллээ. Зоримог, шийдмэг энэ алхам Эрдэнэтээр овоглосон “MADE IN MONGOLIA” бүтээгдэхүүн болон мэндэлнэ. Орон нутгийн үйлдвэрлэгчдийн гарааны цэгээс хамтдаа алхах “Эрдэнэтээ дэмжье” булангийн эхний зочноор “Анд энерги” ХК-ийн захирал Ц.Гүррагчааг онцоллоо.

   -“АНД ЭНЕРГИ” ХК МОНГОЛЫН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР IPO ХИЙГЭЭД БАГАГҮЙ ХУГАЦАА ӨНГӨРЛӨӨ. ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛСНЫ ОЛОЛТТОЙ ТАЛЫГ ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ?   
   - “Гэрэл гэгээг үйлдвэрлэдэг шигээ Монголын хөрөнгийн биржийг гэрэлтүүлж яваарай” гэж биднийг ерөөсөн. Тэр үгийг чандлан өнөөдрийг хүрлээ. Хүний мөнгийг зүгээр авах эрх бидэнд байхгүй. Хувьцаагаа босгохын тулд үр бүтээлтэй, амьдрал дээр хэрэгжих томоохон төсөлтэй байя гэж шийдээд 2016 оноос төслөө бичиж, 2017 онд танилцуулсан. Санхүүжилтээ 5 жилийн хугацаанд нөхнө гэж тооцоолж байна. Электроникийн үйлдвэрлэлийн онцлогоос хамаарч орчин нөхцөл нь цэвэр, тоос шороогүй байх ёстой гэж үзсэн. Тиймээс ч оффиссын зохион байгуулалтаа үйлчилгээний газар, оффисс, үйлдвэрлэл гэсэн цогц байдлаар шийдсэн. Цайны газартай, ажлын байрандаа усанд орж, хувцасаа солиод гарах боломжоор хангасан хувийн компани одоогоор орон нутагт байхгүй. Бид Эрдэнэт үйлдвэрээс суралцсан туршлагаа өөрийн үйлдвэрт нэвтрүүлж, эмх цэгцтэй, дэг журамтай байхыг алхам бүртээ хэрэгжүүлж байна. Хувьцааны зах зээл дээр хөрөнгө босгосноор барилгаа барьж, тоног төхөөрөмж, хүчин чадлаа 4-5 дахин нэмэгдүүллээ. Энгийнээр тайлбарлавал, бид өмнө нь нэг хонь тэжээдэг байсан бол үйлдвэрлэлээ өргөжүүлснээр 10 өөр үүлдрийн хоньтой боллоо. Хүн хүч, тоног төхөөрөмж бидэнд байна. Оюун ухаан, ур чадвараа ашиглан Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах л үлдлээ.


   - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ БОЛСОН ТУХАЙГАА?
   - Ажиллаж, дадлагажиж, инженер мэргэжлийн үнэ цэнийг ухаарсан болоод ч тэр үү, бид Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн гэж хэлэх дуртай. Үйлдвэр тодорхой хэмжээнд дэмжиж, 2017 оноос хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. 2018 оны нийт бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн. Энэ жил илүү өсөлттэй гарахаар байна.  Хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийн тулд чанартай, шинэ зүйлийг санал болгох болно. Нөгөө л хуучин гэрлээ гаргаж ирээд урьдчилгаа авмаар байна гэж ярих нь зохисгүй.

 

   - ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЯМАР ХЭМЖЭЭНД БАЙНА ВЭ?
   - Өмнө нь 200-300 ширхэг гэрэл үйлдвэрлэж байсан бол өдөртөө 300-600 орчим гэрэл үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Төрлөөсөө хамаарч, өдөрт үйлдвэрлэх тооны хувьд харилцан адилгүй ч захиалагчдын хүсэлтээр 32 нэр төрлийн гэрэл үйлдвэрлэж байна. Улайсдаг ламф, өдрийн болон сүүн гэрэл хэрэглээнд байсныг халчихлаа. Лед гэрэл харьцуулалтаа нэгэнт давсан тул цаашид хөгжлийн шат л гэж бий. Хөгжил нь дизайн, өнгөний шийдэл, чанар байх болно. Гэрэл өөрийнхөө зах зээлийг бий болгодог. Тиймээс ч өнгөрсөн 5 жилийн хугацаанд бид зах зээлээ бий болгож, хэрэглэгчдээ бэлтгэсэн. Тэдэнд таалагдаж чадсан болохоор илүү орон зайд ажилламаар байна.
 

 

   - АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН ТОДОРХОЙЛОВ?
   - 2020 онд дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ бүтээгдэхүүн гаргана гэж тодорхойлсон. Алхам алхмаар ойртож байна. Ирэх жил илүү том зорилттой гарч ирэх болно.
 

   - ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ТАНИГДАХ ХҮРТЭЛ ЯМАР БЭРХШЭЭЛТЭЙ НҮҮР ТУЛСАН БЭ?
   - Бид шинэ бүтээгдэхүүн хийе л гэж зорьсноос биш зах зээл гэдэг талаас нь олж хараагүй. 2010 онд Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байхад лед гэрэл дөнгөж орж ирсэн. Хэдий цахилгаан хэмнэдэг ч гэрэл нь их бүдэг байлаа. Тухайн үед малчдад зориулсан лед гэрлийг тайрч богиносгоод ашиглаж үзсэн. Хотын төв гудамжны гэрлэн чимэглэл сар хүрэхгүй хугацаанд шатаад, чанар нь гологдсон. Бид 2014 оны 4 дүгээр сараас судалгааны ажлаа эхлүүлж, урд хөрш рүү явснаар Монгол руу оруулж ирдэг болон Европ руу гаргадаг гэрэл ямар их ялгаатайг мэдэж авсан. Улмаар ийм гэрлийг Эрдэнэтдээ хийе гэж шийдсэн. Бүтээгдэхүүн хийх нь гоё байснаас биш зах зээл нь ямар байх талаар огт бодоогүй. 2017 онд IPO гаргаснаар зах зээлээ олох, ямар бүтээгдэхүүн гаргахаа судлах, маркетинг байх хэрэгтэйг ойлгосон. Энэ жилээс бизнес тал руугаа илүүтэй анхаарч байна. Бүтээгдэхүүн зарагдахгүй бол бидний амьдрах чадвар үгүй болно. Тиймээс зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, эсвэл нэг алхам түрүүнд явах хэрэгтэйг ойлголоо. Инженерийн боловсролоо хөгжүүлж, шинэ зүйл хийе гэсэн санаагаа ажил хэрэг болгосондоо баярлаж байна. 
 

 

   - ГОЛ ТҮҮХИЙ ЭДЭЭ ХААНААС ТАТДАГ ВЭ?
   - Тайванийн технологи маш сайн. Тэр ч утгаараа БНХАУ-д үйлдвэрлэдэг компаниас эд анги, бэлдэцээ татаж байгаа.

   - ТА АЖЛЫН НЭГ ӨДРӨӨ ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
   - Эхний ээлжинд бүтээгдэхүүн хийх, материал захиалах, төсөв боловсруулахад анхаарч, үйлдвэрийн үндсэн процессын дагуу ажиллаж байсан. Ер нь мэдлэг чадвар, зохион байгуулалт, хийх арга барил муудахаар үйлдвэрийн үйл ажиллагаа чирэгдэнэ. Энэ тал дээр хүнээ сургах, хөгжүүлэхэд анхаарч, загнаж зааварлахаас илүүтэй өөрөө биечлэн үзүүлэхийг хичээсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч байна. Өнөөдөр бизнесээ хэрхэн тогтвортой байлгах, мөнгөө хэрхэн зөв хуваарилах, оновчтой төлөвлөх вэ гэдэгт ажлаа чиглүүлж байна. Удирдлагын хувьд сайн зохион байгуулалт хийхийг л хичээдэг.

   - “АНД ЭНЕРГИ”-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН ХҮМҮҮСТ ТА ЮУ АМЛАЖ ЧАДАХ ВЭ?
   - Хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт их бий. Үйлдвэр бол мөнгө “ургуулдаг” газар биш. Бүтээгдэхүүнээ сонгоно, туршина, борлуулна, ажилчдаа цалинжуулна, ашгаа хуваарилна гээд дамжлага ихтэй. Мэдээж өсөлттэй байж л энэ бүхнийг хэрэгжүүлнэ. Хувьцаа авах хүсэлтэй хүмүүс энэ онд багтаан авахыг зөвлөмөөр байна. Биднийг дэмжсэн хүн бүрт хүлээлтээс илүүг өгөхийг хичээнэ.
 


   - ЯГ ОДОО ХУВЬЦААНЫ ХАНШ ХЭДТЭЙ БАЙНА ВЭ?
   - Одоогоор нэг бүрийн үнэ нь 35-40 төгрөгөөр үнэлэгдэж байна. Анхдагч зах зээл дээр 60 төгрөгөөр хувьцаагаа арилжиж, 1.5 тэрбум төгрөг босгосон. Хөрөнгө оруулагчид маань ач, зээ нартаа хувьцаа хадгалж байна гээд нийт хувьцааны 50-60 хувийг эргэлтээс гаргачихлаа. Гэхдээ иргэдийн хувьцааны мэдлэг сайжирч байгааг харахад дээрх эргэлтийг богино хугацааны үзэгдэл гэж харж байна. Хувьцаат компани нь тогтмол хугацаанд хурал хийж, сар, улирал тутам санхүүгийн тайлан мэдээгээ нээлттэй түгээж ажиллах нь чухал болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөсөн.

   - ҮР  АШГАА МӨНГӨН ДҮНГЭЭР ТООЦВОЛ ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР ХЭМНЭЛТ ГАРГАСАН БЭ?
   - Өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 70-80 мянган гэрэл үйлдвэрлэсэн. Чийдэн 10 дахин, өдрийн гэрэл 4 дахин хэмнэлт гаргадаг ч цахилгаанаас гарах хэмнэлтийг шууд тооцож мөнгөн дүн гаргахад хэцүү. Хамгийн энгийнээр тайлбарлах гээд үзье. Нэг гэрлийг 10 мянган төгрөгөөр худалдан аваад эхний 6 сардаа дээрх үнэтэй дүйцэх гэрлийг ашигласан байдаг. Түүнээс хойших асалт нь хэмнэлт гэж ойлгож болно. Олон гэрэл байх тусам хэмнэлт нь илүүтэй мэдэгддэг. 

   Манайх хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа 1-1.5 сар, ажил үйлчилгээндээ 3 сарын баталгаа гаргаж, тухайн компанийн логог гэрлэн дээр нь хэвлэж өгөх тусгай үйлчилгээ үзүүлж байна. Бид дундаж үнийн бодлого барьж, ил, далд уурхай, супермаркет, дэлгүүр, шатахуун түгээх станц, төрийн байгууллагууд, төмөр зам гээд салбар бүрт харилцагчтай болсон. Жижиглэнгийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргахын тулд загварлаг, ухаалаг болгох талаас нь илүүтэй бодолцоно. Лед гэрэл засагдах боломжтой. Хуучин гэрлээ засуулснаар 60-70 хувийн хэмнэлт гаргадаг. 


   - ЗАЛУУЧУУДАД ХАНДАН ТАНЫ ХЭЛЭХ ҮГ?
   - Өнөөгийн залуучууд мундаг болжээ. Биднээс дээш үеийнхэн улсын байгууллагад ажиллавал сайхан амьдраад явна гэсэн нийтлэг хандлагатай. Энэ үзэл хоцрогдсон. Ур чадвартай бол бидэн шиг зоригтой хөдөлж, шинэ зүйл бүтээж, улс орныхоо төлөө нэг ч гэсэн зүйл хийгээрэй. Анх гэрэл хийсэн гэхэд гайхдаг байсан, одоо гайхах хүн алга. Үүний нэгэн адил машин үйлдвэрлэсэн гээд гараад ирэхийг үгүйсгэх газаргүй. Дэлхийн хэмжээнд Монголынхоо нэрийг гаргах зүйлийг сэтгэж, сэдэж хийгээрэй л гэж хэлмээр байна. 

 


 

 

 

 

Ярилцсан И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл үлдээх