Мэдээ мэдээлэл

Орос цэцэрлэг, сургуулийн багачууд авьяасаа үзүүллээ - цуврал 3

access_time 2019-09-23

Орос цэцэрлэгийн туслах багш н.ОЮУНСАЙХАН: Манай цэцэрлэг цогц сургалтын хөтөлбөрөөр ажилладаг

 

   - Орос цэцэрлэгийн хүүхдүүд сурсан мэдсэнээ нийтэд хүргэж байгаа нь өхөөрдөм санагдлаа. Сургалтынхаа талаар онцолбол?
   - Манай “Катюша” цэцэрлэг 41 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид Эрдэнэт хотын иргэдийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Энэ хичээлийн жилд 3-7 настай 11 бүлгийн 260 орчим хүүхэд хүлээн авсан. Хүүхдүүдээ амин дэмээр баялаг орос хоол хүнсээр хангаж, өдөр тутам эрүүл мэндийн үзлэгт хамруулан, чийрэгжүүлэх, бялдаржуулах, витаминжуулахад ихээхэн анхаардаг. Чадварлаг, туршлагатай орос багш нараар хамт олноо бүрдүүлсэн манай цэцэрлэг  цогц сургалтын хөтөлбөр төлөвлөн, хүүхдэд гадаад хэлийг эзэмшүүлэхэд үгийн баялаг нэмэгдүүлэх, хэлний соёлыг өвлүүлэх, харилцааны чадамжийг дээшлүүлэх чиглэлээр зорилго тавин ажиллаж байна. Хүүхдүүд маань бүжиглэж, дуулж, сурсан мэдсэнээ оролцогчдод танилцууллаа.
 

 


 

Оёдлын цехийн Санхүү, маркетингийн албаны дарга М.ОЛОНЖАРГАЛ: Зах зээлээ өргөжүүлж, захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьсан
 


 

    - Оёдлын цехийн хувьд тулгамдсан ямар асуудал байна вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийг оёмол бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулагдсан Оёдлын цех нь 2007 оноос “Эрдсүлж” компани болон ажилласан. 2019 оноос Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж боллоо. Эрдэнэт үйлдвэрийг ажлын хувцас, хэрэгцээт оёмол бүтээгдэхүүн, зэсийн баяжмалын уутаар хангах ажлыг хариуцаж байна. 2019 оны эхний 8 сарын байдлаар бид 3 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Үүнд нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий ажлын хувцас, оёмол бүтээгдэхүүн, 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий баяжмалын уут тус тус нийлүүллээ. Өртөг зардлаа хэмнэж, төлөвлөгөөгөө биелүүлэхэд анхаарахын зэрэгцээ зах зээлээ өргөжүүлж, захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Манай цех өнөөдрийн байдлаар 130 ажилтантай, үйлдвэрийн газрын бүтцийн нэгж болсоор цалингаа 20 хувиар нэмэгдүүллээ. Үйлдвэрийн ажиллагсдын нийгмийн хүрээнд хамрагддаг бүхий л дэмжлэг, тусламж, үйлчилгээг авч байгаа нь сайхан байна.

 


 

 

Энэрэл хүүхдийн төвийн эрхлэгч М.МАЙЦЭЦЭГ: Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцахын сайхныг ойлгож авсан байх

 

    - Энэрэл төвийн хүүхдүүд ямар авьяасаа харуулж байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” төвийг 26 жил дэргэдээ ажиллуулж байна. Хүүхдүүдийнхээ өмнөөс үйлдвэрийн удирдлагууд, уурхайчиддаа баярлаж явдгаа илэрхийлье. Хүүхдүүд маань юу сурч мэдсэнээ танилцуулахаар ирсэн. Гар урлалын бүтээлүүдээ дэлгэлээ. Багш нарын чармайлт, өөрсдийн хичээл зүтгэлээр сурсан мэдсэнээ бусадтай хуваалцана гэдэг ямар сайхан зүйл болохыг ойлгож авч байгаа байх. 
 



 

Эрдэнэт сувиллын цогцолборын Чанарын мэргэжилтэн Л.МАШБАТ: Эрүүл амьдралын хэвшилтэй болцгооё
 


 

    - Эрдэнэтчүүддээ хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
   - Манайх өртөөчилсөн хэлбэрээр асар майхан байршууллаа. Эхо аппаратны үзлэг хийж, сахар, биеийн жингийн индекс тодорхойлсон. Мөн нурууны татлага хэрхэн хийх талаар зөвлөгөө өгч, хүчилтөрөгчийн коктейлоор үйлчиллээ. Иргэдэд өглөөний цай, хөдөлгөөний ач холбогдлын талаар ойлголт өгч, өглөөний цайны 7 багц бэлтгэн танилцуулсан. Өглөө бүр ширгэсэн ус ууж, биеийн үйл ажиллагаагаа тэнцвэржүүлэх, булууны яс хэрэглэж хэвших, өглөөний цайгаа уух зэрэг нь өнөөгийн бидний эрүүл явах эх үндэс болох юм. Эрүүл амьдралын хэвшилтэй болцгооё гэдэг үгийг нийт Эрдэнэтчүүддээ уриалмаар байна.
 

 

 

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Сэтгэгдэл үлдээх